САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2015 ОНЫ I УЛИРЛЫН НЭГДСЭН ТОЙМ

ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Даатгалын салбарын өнөөгийн байдал:

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн арилжааны даатгалын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдсэн бөгөөд УИХ-аас 2004 онд Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2011 онд албан журмын даатгалын төрөл болох Жолоочийн даатгалын тухай хуулийг баталсан. Олон улсын санхүүгийн зах зээлийн явцаас харахад даатгалын салбар нь өөрийн бүрдүүлсэн нөөц сангуудаар дамжуулан үнэт цаасны зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд ингэснээрээ үнэт цаасны зах зээлийн эрэлтийн талыг идэвхжүүлэгч үндсэн хэрэгсэл болж өгдөг. Манай орны хувьд үнэт цаасны зах зээл нь хөгжиж буй зах зээлийн шинжийг агуулсан, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж дутмаг, хөрвөх чадварын түвшин доогуур байгаа нь эргээд даатгалын салбарын оролцоог хязгаарлах үндсэн шалтгаан болоод байна. Даатгалын тухай хуулиар даатгалын талаар баримтлах бодлогыг Сангийн яам боловсруулахаар заасан ба улсын төсвийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий яам арилжааны даатгалын салбарын бодлогыг боловсруулах нь оновчтой биш хувилбар болохыг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Гэтэл олон улсын туршлага, ялангуяа, даатгалын хөгжингүй зах зээлтэй азийн орнууд болох Япон, Солонгосын санхүүгийн үйлчилгээний зохицуулагч байгууллагууд нь арилжааны даатгалын салбарын төрийн бодлогыг боловсруулж, хяналтыг хэрэгжүүлж байна. Ингэснээр арилжааны даатгалын урт хугацааны болон ердийн даатгалын төрлийг зөв оновчтой уялдуулах, шинэ төрлийн албан журмын даатгалын эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар иргэд, аж ахуйн нэгжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, төрийн нийгмийн даатгалын сангуудад учирч буй ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлдэг байна. Манай улсын даатгалын салбарын хөгжлийн хандлагаас харахад ердийн даатгалын төрөл болох сайн дурын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч салбарын талаарх олон нийтийн боловсрол дутмаг байгаа тул хамрагдалт хангалтгүй хэвээр байна. Учир нь арилжааны даатгалын компаниудаас санал болгож буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санхүүгийн, зээлийн, агаарын хөлгийн, иргэдийн амьдралын баталгааг хангах зорилгоорамь нас, эрүүл мэнд, хөрөнгийн даатгал, малын индексжүүлсэн болон газар тариалангийн даатгал зэрэг бүтээгдэхүүний нэр төрлүүд сайн дурын үндсэн дээр үүсч даатгалын харилцааг үүсгэдэг. Улсын Их Хурлаас 2011 онд албан журмын даатгалын төрөл болох Жолоочийн даатгалын тухай хуулийг баталсан нь авто тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж, иргэн бүр заавал даатгуулах хуулийн шаардлага бий болсноор 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар энэ онд 299,468 жолоочийн даатгалын гэрээ байгуулагдсан байна. Дээрхээс дүгнэвэл арилжааны даатгалын салбарыг чадавхжуулах чиглэлээр албан журмын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага зүй ѐсоор гарч байна.

Салбарын статистик үзүүлэлтүүд:

2015 оны 1 дүгээр улирлын даатгалын салбарын нийт активын 85 хувийг ердийн, 3 хувийг урт хугацаат, 12 хувийг хөдөө аж ахуйн давхар даатгал тус тус бүрдүүлжээ. Харин гадаад орнуудын даатгалын салбарын үзүүлэлтүүдээс харахад, нийт даатгалын салбарын активын дийлэнх хувийгурт хугацааны даатгалын компаниудын актив бүрдүүлдэг байна. Даатгалын салбарт ердийн даатгалын 16, урт хугацааны даатгалын 1, хөдөө аж ахуйн давхар даатгалын 1 компани, даатгалын компаниудын 259 салбар, 3210 даатгалын төлөөлөгч, 15 актуарч, даатгалын зуучлагч 33 компани, даатгалын хохирол үнэлэгч 21 компани нийт 3556 тусгай зөвшөөрөл,зөвшөөрөл, эрх эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улирлын өссөн дүнгээр нийт 316,782 иргэн, аж ахуйн нэгж даатгуулсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 45 хувиар буурчээ. Үүнд ердийн даатгалын даатгуулагчийн тоо буурч, харин урт хугацаат даатгуулагчид өссөн байна. Гадны орнуудын туршлагаас харахад нийгмийн хамгааллын салбарт баримтлах бодлого, стратегийн үндсэн зорилт нь нийгмийн даатгалын салбарт учирч буй дарамтыг бууруулах зорилгоор урт хугацаат хувийн даатгалыг хөгжүүлэхийг чухалчилсан байх ба “pay as you go” зарчим хэрэгжиж буй орнуудад нийгмийн даатгалын салбарын орлого, хуваарилалтын харьцаа алдагдсанаар нийгмийн шинжтэй хямралт байдлыг бий болгодог байна. Манай улсын хувьд амьдралын даатгалын үйлчилгээг хөгжүүлэх богино, урт хугацааны хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, хувийн тэтгэврийн болон хуримтлалын даатгалын ач холбогдлыг иргэдэд таниулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

1

 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 170.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 45.2 тэрбум төгрөгөөр буюу 30 хувиар өссөн байна. Нөхөн төлбөрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 13,4 хувиар өсөхөд дээр дурдсан жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний өсөлт нөлөөлсөн байна.

2

 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар хураамжийн орлого 35.7 тэрбум төгрөг байгаа ба түүний 85 хувийг 4 төрлийн бүтээгдэхүүний орлого бүрдүүлжээ. Орлогын бүтцийг задалвал: Нийт орлогын 26 хувийг хөрөнгийн, 24 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын, 18 хувийг авто тээврийн хэрэгслийн, 17 хувийг гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын орлого тус тус эзэлж байна. Хөрөнгийн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн орлогын хэмжээ бусад бүтээгдэхүүний орлогоос өндөр байгаад дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:

  • Төрөөс хэрэгжүүлж буй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгоход заавал хөрөнгийн даатгалд даатгуулахаар зохицуулагдсан
  • Жолоочийн даатгалын тухай хуулиар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор албан журмын даатгалын төрлийг зохицуулж өгсөн зэрэг нь бүтээгдэхүүний хураамжийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлжээ
  • Даатгалын хураамжийн орлогын төвлөрөл, бүтээгдэхүүний нэртөрлөөс үзэхэд, иргэд, аж ахуйн нэгж дээр дурдсан албан журмын даатгал бус сайн дурын даатгалд төдийлөн даатгуулах сонирхолгүй байгаа нь даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний ач холбогдлын талаарх олон нийтийн боловсрол, мэдээлэл хомс байгаатай холбоотой. Япон улсын ЖАЙКА төслийн зөвлөх багаас 2014 оны 3 дугаар сард гаргасан “Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил болон хяналт, зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх судалгаа”-ны тайланд даатгалын компаниуд олон нийтийн даатгалын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг боловч компанийн санхүүгийн байдлаас хамаарч энэхүү үйл ажиллагаа хязгаарлагддаг гэж дурдсан байна. Цаашид Хорооны зүгээс даатгалын салбарт иргэд, аж ахуйн нэгжийн хамрагдалтыг өсгөх чиглэлээр албан журмын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх төрөлжсөн хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барих ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т бизнес эрхлэгчдэд учирдаг эрсдлийг багасгах, санхүүжилтийн өртгийг бууруулах зорилгоор хувийн хэвшилтэй хамтран экспортын даатгалын компани байгуулах, Барилга угсралтын ажлын, эмчийн хариуцлагын, хуульчийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн төслүүдийг боловсруулахаар тусгасан. Тогтоолоор албан журмын даатгалын шинэ хуулийн төслүүдийг 2015 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, хэрэгжүүлэхийг Сангийн яаманд үүрэг болгосон. 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар давхар даатгалын хураамжийн орлогын дүнг хүснэгтээр үзүүлбэл:
3
Манай улсад үндэсний давхар даатгалын компани үйл ажиллагаа явуулдаггүйгээс шалтгаалан даатгалын компаниудын хураамжийн нийт орлогын 31.62 хувь нь гадаадын давхар даатгалын компаниудад шилжиж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлснээр ханшийн огцом хэлбэлзэл үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх эрсдэл өндөр байна. Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 11.3 дахь хэсэгт Үндэсний давхар даатгалын корпораци байгуулахаар заасан ба ингэснээр даатгалын компаниудын давхар даатгалын хураамжид төлж буй валютын гадагшлах урсгалыг бууруулах, уул уурхай, аж үйлдвэр, тээврийн салбарын хөрөнгийг даатгах боломж бүрдэнэ. Цаашид гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын тоног төхөөрөмжийн даатгалыг үндэсний даатгалын компаниар даатгуулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нарийвчилсан зохицуулалтыг оруулснаар дотоодын зах зээлд чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, макро түвшинд төлбөрийн балансыг тэнцвэржүүлэх боломжтой.
Даатгалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ:
2015 оны 1 дүгээр улиралд санхүүгийн зах зээлд ердийн 16, урт хугацаат 6, хөдөө аж ахуйн давхар даатгалын 1, нийтдээ 23 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 3,556 даатгалын мэргэжлийн оролцогчид Хорооны тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхтэйгээр олон нийтэд санал болгон борлуулж байна. Хорооноос тусгай зөвшөөрөл авсан даатгалын компаниудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй хэдий ч жолоочийн албан журмын даатгалын бүтээгдэхүүн шинээр бий болсонтой холбоотойгоор салбарын болон зуучлагчдын тоо эрс өссөн нь даатгалын бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг ихэсгэжээ. Улсын Их Хурлаас 2010 онд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан ба уг хуулийн 6.2 дахь хэсэгт үнэт цаасны зах зээл болон даатгалын салбарын нэр бүхий 7 төрлийн үйлчилгээг банк, түүний охин, хараат компанид Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхээр заасан. Тайлант хугацаанд нийт 7 арилжааны банк даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрлийг Хорооноос авч, үйл ажиллагаа явуулж байна. Япон болон Солонгос улсуудын туршлагаас үзэхэд банк, түүний охин, хараат компаниудын үнэт цаасны зах зээл болон даатгалын салбар дахь зуучлалын үйл ажиллагааг өргөжүүлснээр урт хугацаандаа зээл, хадгаламжийн хүүгийн түвшинг бууруулж чаджээ. Хорооноос тусгай зөвшөөрөл авсан арилжааны даатгалын компаниуд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж байгаагүй болно. Даатгалын салбар нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ирээдүйд учрах эрсдлийг бууруулах, нөөц сангийн хөрөнгөөр үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийж санхүүжилтийн урт хугацааны эх үүсвэр болгон ашигласнаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангаж, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад орнуудын туршлагаас харахад, урт хугацааны даатгалын нөөц сангийн хөрөнгө нь капиталын үр дүнтэй хуваарилалтыг бий болгох замаар урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог дэмждэг бол ердийн даатгал нь хөрөнгө оруулалтын богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг.
Даатгалын салбарын хөгжлийн үзүүлэлтүүд:
Даатгалын хөгжлийг эдийн засаг дахь даатгалын зуучлалын эзлэх хувь(гүнзгийрэлт), нэг хүнд ногдох даатгалын хувь хэмжээ(нягтрал) гэсэн ерөнхий 2 үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Даатгалын гүнзгийрэлт Эдийн засагт даатгалын салбарын үзүүлж буй нөлөөг даатгалын гүнзгийрэлтээр илэрхийлдэг бөгөөд тус үзүүлэлтийг даатгалын салбарын нийт хураамжийн орлогыг нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулан тооцдог.
4

2015 оны 1 дүгээр улирлын байдлаар нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цэвэр хураамжийн нийт орлого 0.32 хувь, ердийн даатгалын цэвэр хураамжийн орлого 0.31 хувийг тус тус эзэлж байна. Хөгжиж буй орнуудын даатгалын гүнзгийрэлт дунджаар 6.3 хувь байдаг ба манай улсын хувьд олон улсын дунджаас20 дахин бага байгаа нь даатгалын салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл сул байгааг илтгэж байна.
Даатгалын нягтрал: 
Энэхүү үзүүлэлт нь тухайн хугацааны нийт хураамжийн орлогыг хүн амын тоонд харьцуулан тооцох ба хүн ам даатгалд хэрхэн хамрагдсаныг илэрхийлдэг. Хүснэгт 9-өөс үзэхэд даатгалын нягтралын үзүүлэлт сүүлийн таван жилийн байдлаар өссөн дүнтэй харагдаж байгаа боловч өсөлтийн хувь нь буурах хандлагатай байна.
5
Зохистой харьцааны үзүүлэлтүүд
2015 оны 1 дүгээр улирлын байдлаар Хорооноос тусгай зөвшөөрөл авсан даатгалын компаниудын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хүснэгтээр үзүүлбэл дараах байдалтай байна.
6

daatgal1

Тооцоолуур

carbutton